Яг одоо шөнийн 1цаг 40 минут болж байна. Хайрын тухай уянгалаг дуу сонсоод, оройжин утсаар ярилцсан хайртыхаан уянгалаг намуухан дууг, үе үехэн дүрсгүй нь аргагүй ход ход хөхрөх охиныхоон өхөөрдөм танхил дууг сэтгэлдээ ургуулж сууна. Яг л энэ үед далавчтай байсан ч болоосой гэж туйлаас их хүсэж байна. Хайртай эхнэрээ, энхрий үрээ ядаж ганц ч удаа болов тэврэх хүсэл ямар их оргилж байна гээ. Цагийн зүүтэй уралдан цохилох зүрх минь тэднийхээ тухай бодохоор булгилан догдлох юм.
Эрдмийн их аяныг зорин хилийн дээс алхаад 47 хоногийг ардаа үджээ. Өдөр бүр л утсаан ярьж, хажуугаар нь толгой өндийх завгүй их ажилтай байсан болоод ч тэрүү өнөөдрийг хүртэл хайртай хүмүүсээ би тэгтлээ их санаагүй байжээ. Харин өнөөдөр яагаад ч юмбэ тэднийгээ учиргүй их санаж байна. Өглөөнөөс авхуулаад мананд дарагдаж бүүдийсэн эндхийн уйтгартай цаг агаараас боловуу, сэтгэлд бодол ундруулсан "Ижийдээ бичсэн захидал" дуунаас боловуу мэдэх юм алга. Хатуужилтай байхыг өдөр бүр өөртөө захидаг сэтгэл минь яг одоо балчир хүүхэд шиг л гэр бүлээ, эх нутгаа санаж байна даа. Үлгэрийн ертөнцийн аянгын хаан Зевсийн үүлэн бор морь Пегасусыг хүлэглээд нисээд хүрэхсэн тэдэндээ...
Нэгэнт тэгж чадахгүйгээс л хойш зүрх сэтгэлийнхээн даль жигүүрийг дэвэн, зүүдний ертөнцөөр нисч хүрье дээ. Хайртай шүү чамдаа Чин зүрхний эрдэнэ болсон гоо дагина минь. Хайртай шүү чамдаа чигч амьдралын минь ирээдүй болсон эгдүүтэй бяцхан гүнж минь.
Хайрт чинь.
Аав чинь.