За өмнө нь сүр зарлаад хэлэхгүй нуугаад байсан нууцаа задлах цаг боллоо. Өмнөх бичлэгийг минь уншсан бол 10 гэсэн дугаартай нэг хийсэн зүйлээ бичилгүй үлдээснийг санаж байгаа байх. Тэр юу байсан бэ гэвэл хайртай эхнэрээ өөрийхөө дэргэд авчирч, өөртэйгөө ижил мэргэжлээр суралцах боломж бүрдүүлэх байсан билээ.
Баяртай мэдээ дуулгахад энэ ажил маань бүтэмжтэй болж одоо сайхан эхнэртэйгээ хамт, аз жаргалтай өдрүүдэд хөлчүүхэн явж байна даа. Энд архи дарс ярьсангүй шүү. Санасан сэтгэл, хүлээсэн учрал гээд сайхан бүхэнд мансуураад, газар дээр алхаж яваа эсвэл тэнгэр дээгүүр нисэч яваагийн алин болохыг ялгахгүй л байна.
Ямартай ч хүсэл байгаад боломжийг алдахгүй хичээгээд байвал санасан бүхэн чинь бүтэх болно шүү. Жишээ нь гэвэл ганцхан жилийн өмнө л гэхэд гадаадад сурах хүсэлээс цаашгүй байсан эхнэр бид хоёр одоо хамтдаа харь оронд эрдмийн зэрэг горилох их аяныхаа эхэнд явж байна. За за сэтгэл хөөрөөд жаахан онгирох аястай зүйл биччихлээ. Хамтдаа бүтээх их ирээдүйд маань амжилт хүсээрэй.
Уран үгстэй журмын блогчин нөхөддөө ч бас мөхөс миний зүгээс ажил хөдөлмөр, амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн урт удаан сайхан амьдралыг хүсэн ерөөе.